Tuesday, May 5, 2015

БӨӨР
Бөөр 130-150 грамм жинтэй, 11 х 5 см хэмжээтэй, бөөрийг эртний эмч нар дотоод эрхтний язгуур, бүх нүх сүвийн эх амьдралын үндэс гэж үздэг байжээ. Бөөр бол хүний амин чухал эрхтнүүдийн нэг бөгөөд тархийг тэжээх, нурууны ясыг бэхжүүлэх, биеийн элч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай шууд холбоотой эрхтэн юм. Тиймдээ ч бөөр өвчилбөл хамаг өвчний шалтгаан "нээгдэнэ" гэж үздэг нь оргүй зүйл биш юм.
Бөөр хүний бие дэх шингэнийг зохицуулдаг, элэг, зүрх, уушги, цөс зэрэг бусад эрхтнээс чухал эрдэс бодисыг хүлээн авч, эргүүлэн өгдөг эрхтэн. Хэлний доор үүсэх шүлс нь бөөрний шингэн юм. Бөөрөнд биеийн бүтэц, эрхтний чадавхийг хэвээр хадгалах "амин хий" гэж байдаг. Амин хий нь эрдэс бодис, амин дэм биед удаан хадгалагдан аливаа өвчнөөс сэргийлэх дархлаа болдог байна.
Хэрвээ бөөр бодисын солилцооныхоо эцсийн бүтээгдэхүүнийг гадагшлуулж чадахгүй байгаа тохиолдолд зүрх, тархи зэрэг чухал эрхтэнд сөргөөр нөлөөлнө. Бөөрний ялгаруулах үйл ажиллагаа алдагдахаар цусанд шээс эргэн орж бусад эрхтэнд нөлөөлдөг. Үүнээс болж хүний санах бодох, хэлж ярих, аливааг ойлгох нь эрс мууддаг байна.                        
Бөөрний үйл ажиллагаа бүрэн алдагдвал тухайн хүн амьдрах боломжгүй болох ба цусан хангамж дордож, булчин шөрмөс сулран, биеийн ерөнхий эсэргүүцэл аажмаар доройтно. Биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг өвчилсөн бөөр бүрэн зайлуулж чадахгүйгээс царайны өнгө өтгөрч, биеийн жавхаа доройтон, хамаг өвчний шалтгаан болдог байна.
Бөөр дараах гол үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:
- Бие махбодид байх ус, (биеийн нийт жингийн 60-70 % нь ус байдаг) давсыг (натри, кали, кальци, магни) зохицуулж хэвийн байлгана.
-  Биед бодисын солилцооны үр дүнд үүссэн хортой бодисыг (мочевин, крөатинин, шээсний хүчил) ялгаруулна.
- Биеийн дотоод шингэнийг хүчиллэг, шүлтлэг байдлыг зохицуулахад чухал үүрэгтэй.
Бөөр өвчлөх шалтгаан: Бөөрний эдийг хамарсан төрөлхийн, олдмол, анхдагч, хоёрдогч  олон төрлийн өвчин байдаг.Эдгээрээс  зонхилон  тохиолддог  нь бөөрний  дархлааны   болон   нянгаар үүсгэгдсэн үрэвсэлт өвчин юм.
Шинж тэмдэг: Өвчний үед гарах анхны шинж тэмдэг олон янзаар илрэх бөгөөд энэ нь бөөрний аль хэсгийг хамарсан цочмог, архаг өвчин үү гэдгээс хамаарна. Бөөр хоёр талдаа өвдөж,  ойр ойрхон шээнэ.
Хавагнаж цусны даралт ихдэн, нүдний хараа муудна. Гэдэс  дотор хямарч, халуурснаас  толгой өвдөнө. Зарим үед өвчин ямар ч шинж тэмдэг мэдэгдэхгүйгээр эхэлдэг.
Бөөрний  хаван: Бөөрний  өвчтэй  үед цөөнгүй тохиолддог шинжүүдийн нэг нь бөөрний гаралтай хаван юм. Бөөр биеийн усыг зохицуулж, тогтмол нэг хэм хэмжээнд байлгадаг ус ялгаруулдаг хэсэг өвчилж гэмтвэл илүүдэл ус, натрийн давс арьс махан завсар хурж хаван үүсгэдэг их хавагнасан үед ус чээж, хэвлийн хөндийд хуралдаж хүндэрнэ.      
Бөөрний даралт: Бөөрний цочмог өвчний үед биед ус, натрийн давс хуралдсанаас даралт ихсэдэг. Бөөрний давс зохицуулах үйл ажиллагаа алдагдан, өвчлөлийн үед эд эсийн хангамж буурах нь даралт ихсэхэд нөлөөлнө. Ийм үед ренин хэмээх болис ихээр ялгардаг. Бөөрний дутагдал: Бөөрний дутагдал нь архаг цочмог гэсэн хоёр төрөлтөй. Цочмог дутагдал өвчний үед бөөр гэмтэж, үндсэн үйл ажиллагаа нь алдагддаг. Архаг өвчний улмаас бөөрний нефронууд үхжиж, тоо хэмжээ нь цөөрснөөс бөөрний ажиллагаа аажим аажмаар шатлан буурч, архаг дутагдлын төгсгөлийн шатанд ордог байна.
Бөөрний чулуу: Бодисын солилцооны явцад бөөрөөр ялгарч буй төрөл бүрийн давсны талстууд хуралдсанаас бөөрөнд чулуу үүсдэг. Чулуу авах мэс ажилбарын дараа ч дахин чулуу үүсэх магадлал өндөр байдаг.
Урьдчилан сэргийлэлт: Аливаа өвчнөөр өвчилсөн хойноо бус өвдхөөс нь өмнө урьдчилан сэргийлж чадвал олон талын үр дүнтэйг бид хэдийн мэддэг болсон. Үүний нэгэн адил бөөрний өвчнөөр өвчилсөн хойно эмчлүүлэхээс урьдчилан сэргийлэх нь илүү хялбар. Бөөрний өвчлөл бүр өөр өөр байх боловч түгээмэл тохиолдох шииж тэмдэг, анхаарвал зохих
зүйлсийг онцолж байна.
- Амны хөндий, шүд гүйлсэн булчирхайн үрэвсэлт өвчнөөс сэргийлэн эмчлүүлэх
- Даарах, норохоос сэргийлэн цаг улиралд тохируулан хувцаслах   
- Онцын  шаардлагагүй  бол  бөөрөнд халтай эм удаан уухаас татгалзах
- Жирэмсэн үед бөөр өвчилсөн бол эмчид үзүүлж, хяналтад байх
- Чихрийн шижин, тулай, холбох эдийн өвчнүүдээс сэргийлэх хэрэгтэй.            
Ер нь хамгийн сайн арга нь дороосоо даарахаас болгоомжлох явдал юм. Үүнд хувцас, гэр орны нөхцөл чухал юм шүү. Охид, бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч гэсэн дороосоо дулаан байж. Мөн хоол ундаа тааруулснаар бөөрөө эруүл байлгаж чадна. Түүнчлэн хэт өтгөн, давстай цай, унд хэрэглэхгүй байхад анхаараарай. Ууц нуруу хөших, үе мөч шархирч, чих шуугих, шээс өөрчлөгдөх, толгой өвдөж бие хөлрөх зэрэг эмгэг шинж илэрч эхэлбэл мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.  Таид эрүүл энхийгхүсье!

No comments:

Post a Comment